С.Баярцогт: Бондоо ашигтайгаар байршуулсан учраас хүүгийн зардал нь алдагдал болохгүй

Ярилцлага

С.Баярцогт: Бондоо ашигтайгаар байршуулсан учраас хүүгийн зардал нь алдагдал болохгүй
Сүүлийн үед монголчууд уул уурхайн салбарт нэлээд анхаарал төвлөрүүлэх болсон нь нууц биш. Тэгвэл өнөөдрийн “Монгол брэнд” Эдийн засгийн чуулганы үеэр уул уурхайгаас бусад салбарт хэрхэн өрсөлдөх чадвартай болж, хөгжих талаар бодлого боловруулагчид болон үйлдвэрлэгчид санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос дараах асуултад хариулт авлаа.

-Эдийн засгийн чуулганаар “Монгол брэнд”-ийн асуудлыг хөндөж байна. Үүнийг ажил хэрэг болгохын тулд ямар зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй вэ?

-“Монгол брэнд”-ийн талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, энэ удаагийн эдийн засгийн форумыг энэ сэдэвтэй уяж байна. Ер нь сүүлийн жилүүдэд бид уул уурхайн асуудлаар амьсгалж зөв буруу, ашигтай ашиггүй гэх мэтээр ярьдаг. Гэтэл хүссэн хүсээгүй уул уурхайн хүндрэл бол хоёр зүйлээр  гарч ирнэ. Нэгдүгээрт, баялгийн хараал гэж ярьдаг. Нөгөө талаас  “Голланд” өвчний асуудал. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас бусад салбар өрсөлдөх чадваргүй болж хувирдаг. Тэгэхээр ийм нөхцөлд Монгол Улс өөрөө анхнаасаа гадаад улсуудын туршлага дээр үндэслээд байгалийн хараал хүрчихгүйгээр яаж хөгжих вэ гэдгээ бодож тооцох ёстой. Энэ удаагийн хуралдаан уул уурхайгаас бусад салбарт ажлын байр нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл өрсөлдөх бололцоо байна уу гэдэг асуудал дээр төвлөрч байна. Өнөөдрийн хуралдаан ноос ноолуур, арьс шир, оёдлын асуудал дээр нэлээд төвлөрлөө. Төрийн зүгээс өгөх дэмжлэг маань өөрөө олон төрөл байж болно. Тэр нь өөрөө татварын орчин. Энэ нь өөрөө эрхзүйн орчноор баталгаажих ёстой. Дээр нь санхүүгийн дэмлэгийн асуудал. Бодлогын дэмжлэг гэдэг дээр бараа бүтээгдэхүүний худалдан авалт дээр дэмжлэг үзүүлэх гэх мэт цогцоор нь шийдэх талаар ярилцлаа. Санхүүжилтын хувьд бид  бие даасан хуралдаан хийнэ.

-Эдийн засгийн чуулган болж байгаатай холбогдуулан асуухад Чингис бондын хүү өссөн мэдээлэл байна. Тэгэхээр ашиглаж эхлээгүй бондын хүү өсөх нь ямар эрсдэлтэй вэ?

-Мэдээж хүү бол зардал. Энэ бонд бол төсвийн мөнгөөр төлөгдөх ёстой. Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтай хамтарч байгаад бондоо бүгдийг нь ашигтайгаар байршуулсан байгаа. Тэр утгаараа хүүгийн зардал нь алдагдал болохгүй. Энэ мөнгө өөрөө эргээд төлөгдөх учраас үүнийг нийгмийн хамгааллын зардал гаргахгүй. Цэвэр бүтээн байгуулалтад зарцуулагдаж байж өөрөө өөрийгөө нөхөх байх. Ер нь бонд гэдэг бол Монгол Улс өөрөө зээлийн шугам нээлээ гэсэн үг. Тэгэхээр дуусангууд дараагийн бондоо гаргаад нөхөгдөөд яваад байна гэсэн үг. Тийм учраас анхны бондын хөрөнгө оруулалт маш чухал. Тэр утгаараа бондын зөвлөл гарсан байгаа.

П.ТӨР

 
БҮЛГИЙН ГИШҮҮД
TWITTER
ӨНӨӨДРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
БИДНИЙ ТУХАЙ
 
БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛAГАА
 
ФАЙЛЫН САН
 
ХОЛБОО БАРИХ
© Copy right 2009-2012: УИХ дахь Ардчилсан намын бүлэг
Developed by:miniCMS™ v2